Баянхонгор аймгийнхан шинэ жилээ тэмдэглэсэн бололтой. Түүн дээр тус аймгаас гаралтай Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож алдаатай үг хэлжээ. Цахим ертөнцөөр бичлэг нь явж байна. Ерөнхийдөө хэлсэн үг нь “Манай аймгийн бөх түрүүлсэн, тэр унасан бөх нь допингтой бөх байсан юм билээ. Би ч мөн улс төрд ялалт байгуулна. Би “допинг”-той улс төрийг дийлнэ гэсэн бололтой юм. Г.Занданшатар Ерөнхий сайдыг болчимгүй үг хэлж зүүн аймгийнхныг, дээрээс нь эрхэм нандин бөх эрчүүдийн хийморь лундааг гутаалаа гэж хүчтэй шүүмжилж байгаа харагдана. Нөгөө допинг хэрэглэсэн бөх нь ч бас яаж дуугүй байх вэ, гон гон хийж байгаа бичлэг ч байна. Үүн дээр бол тэр бөх ёстой илүүдсэн байна лээ. Гонгинох байсан юм бол яах гэж тэр допингийг нь хэрэглэсэн юм. Бид байтугай дэлхийн допингийн холбоо болох WADA ч үүнийг хүлээн зөвшөөрөө биз дээ. Одоо тэр бөх залуу хүмүүсээс авсан юмаа буцааж өгвөл таарна. Ямар ч үнээр хамаагүй цол авчихъя, дараа нь яасан ч яах вэ гэж л бодсон байлгүй. Энэ бол залилан шүү дээ, залуу минь. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар тэр “допинг”-той улс төр гэдэг бол ямар ч арга үгүй буруу үг юм. Ийм дайны том улстөрчийн хэлдэг үг ч биш. Тэр болоогүй байна гэдэг нь эндээс харагдаж байна. Хэрэв улс төрд допинг байдаг юм бол тэрүүгээр л энэхүү албан тушаал дээр тогтож байгаагаа огт ойлгоогүй хүний үг, энэ бол. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах гэж юу боллоо. Эхлээд Ерөнхийлөгч хориг тавьсан. Дараа нь энэ бүтэхгүй байж магадгүй гэж хаширласан уу яасан Цэц дээр огцруулах нь хууль зөрчинө гэж шийдвэр гаргуулсан. Допинг гэдэг чинь ялалт байгуулахын тулд нэмэлтээр хэрэглэдэг хүч чадал оруулагч биз дээ. Гэхдээ хууль бус бодис хэрэглэхийг хэлнэ. Цэц УИХ-ын дотоод асуудалд оролцох нь хууль бус байсан. Энэ бол буруу жишиг улс төрд тогтоолоо гэдгийг улс төр судлаачид бүгд дуу нэгтэйгээр хэлсэн. Мөн Засгийн газрыг хэлэлцэх нь УИХ-ын бүрэн эрх. Түүн лүү Ерөнхийлөгч халдсан. Энэ бүхэн бол Ерөнхий сайдаар тогтож үлдэх Г.Занданшатарын допинг байлаа гэж үзэж болох талтай.Тэгэхлээр түүний улс төр допинггүй байсан гэхэд хэцүү.
Ө.Тулга
Эх сурвалж: Өдрийн сонин





Сэтгэгдэл бичих post